Сүмбэр сум

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум нь 1931 онд байгуулагдсан Монгол улсын томоохон сумдын нэг юм.

Тус сум нь хуучин Сэцэн хан  аймгийн Боржигин цэцэн вангийн хошууны төв бөгөөд Боржигины уг гарал нь Монгол төрийг нэптэн захирч байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хун тайжийн удмын Далай хун тайжийн том хүү Цэвдан 1691 оны цагаагчин хонин жил Сэцэн хан аймгийн Боржигин хошууг байгуулж, 3асаг бээл” хэргэм эдлэх болсон гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн байдаг. Тус хошуунд Боржигин ноёдын засаглал үе залган тогтож байсан ба Ардын хувьсгалын дараа 1923 онд уул хошууг Хан Хэнтий уулын аймгийн Оцол Сансар уулын хошуу хэмээн нэрлэх болсон байна.

БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хуралдааны тогтоолоор хошуудыг татан буулгаж , Засаг захиргааны нэгжийг өөрчлөн 13 аймаг байгуулж өргөжүүлэхэд Оцол Сансар уулын хошууг Төв, Дорноговь аймгийн харьяанд хуваасан байна. Ийнхүү 1931 онд Сансар, Баянбулаг, Их хонгор, Баян-Эрхтий сумдыг нэтэж, Төв аймгийн Говьсүмбэр /одоогийн Сүмбэр/ сумыг байгуулсан түүхтэй.

Сүмбэр сум нь 1931-1956 он хүртэл 25 жил Төв аймгийн харьяалалд, 1956-1991 он хүртэл 25 жил Дорноговь аймгийн харьяалалд байжээ.

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай асуудлаар бүх нийтийн санал хураалгах ажил 1945 оны 10 дугаар сард Төв аймагт зохион байгуулсан тухай баримт бичигт Говьсүмбэр сумын ард түмэн тухайн арга хэмжээг дэмжин санал хураалтанд 651 хүн оролцож, 100 хувь дэмжсэн байна…гэж дурджээ.

1991 онд Улсын Бага хурлын 46 дугаар тогтоол гарч, Сүмбэр сумыг Дорноговь аймгийн харьяалалаас өөрчилж, Чойр хот байгуулагдахад Чойр хотын Сүмбэр хороо болон өөрчлөгдөж, 1994 онд Улсын Их хурлын 32 тогтоолоор Чойр хотыг тус хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг болгон өөрчлөхөд Сүмбэр сум болон зохион байгуулагдсан түүхтэй.