Сүмбэр сум

СУМЫН БЭЛЭГДЭЛ

БОДОЛ ӨНЖӨӨХ – БОРЖИГИН НУТАГ СҮМБЭР СУМ 

Туг нь 1:2 харьцаатай, цэнхэр өнгөтэй байна. Цэнхэр өнгийн дэвсгэрийг 3 хуваасны төвд тод шар өнгөөр худам монгол бичгээр дүрсийг байрлуулна. Худам монгол бичгийн дүрслэл нь тус сумын нутгийн Чойрын богд, Сансар, Сүмбэр гэсэн 3 уулыг дүрсэлснээр тулганд чандманьлан бадарч байгаа гал лугаа адил боржигин түмний голомт болсон боржигин Сүмбэр үргэлжид өнө мөнхөд оршихыг бэлгэднэ. Тугийн тод цэнхэр өнгө нь мөнх тэнгэрийн хүчин дор төр, түмэн олон амар амгалан байхыг бэлгэднэ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын бэлгэдэл /лого/

Ерөнхий хэлбэр: Орчлон ертөнцийг бэлгэдэгч зөв дугуй дээр 5 дөл галтай чандмань байх бөгөөд тэгш өнцөгт ширээ суурин дээр залагдсан байдалтай байна.

Дүрслэл: Зөв дугуй хэлбэртэй дотор нар сарыг багтаан дүрсэлнэ. Наран дотор Боржигин түмний шүтээн 3 уулын савдаг шар арсланг багтаан дүрсэлнэ. Саран дээр сумын нэр “Сүмбэр” гэсэн үгийг эвхмэл монгол бичгийн хэлбэрээр 3 уулын дүрслэл гарган бичсэн байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ИТХ-ын шагнал

Сумын ИТХ-ын нэрэмжит шарнал нь “Хүндэт тэмдэг” байх бөгөөд сумын дээд шагнал болно.  Хүндэт тэмдгийг нүүрэн тал нь 3.5 мм радиустай тойргийн голд сумын бэлгэдлийг дүрсэлсэн байна. Тойргийн гадна талыг 4,5-5,5 мм –ийн алтлаг шаргал 6 талст бүхий нарны цацрагаар хүрээлэн дүрсэлнэ.