Одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хуучин Сэцэнхан аймгийн Боржиги нЦэцэнвангийнхошууны төв бөгөөд Боржигины уг гарал нь Монгол төрийг нэгтгэн захирч байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хун тайжийн удмын Далай хун тайжийн том хүү Цэвдан 1691 оны цагаагчин хонин жил Сэцэн хан аймгийн Боржигин хошууг байгуулж, “Засаг бээл” хэргэм эдлэх болсон гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн байдаг.
Тус хошуу нь 7 сум, нэг хондогод хуваагдан, нийт 44 отогтой байжээ.
Ардын хувьсгалын дараа 1923 онд уул хошууг Хан Хэнтий уулын аймгийн Оцол Сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ.
БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 02 дугаар сарын 07- ны өдрийн 05 дугаар хуралдааны тогтоолоор хошуудыг татан буулгаж, Засаг захиргааны нэгжийг өөрчлөн 13 аймаг байгуулж өргөжүүлэхэд Оцол Сансар уулын хошууг Төв, Дорноговь аймгийн харьяанд хуваасан байна. Ийнхүү 1931онд Сансар, Баянбулаг, Их хонгор, Баян-Эрхтий сумуудыг нэгтгэж Төв аймгийн Говьсүмбэр /Одоогийн Сүмбэр/ сумыг байгуулсан байна.
Тус сум нь 1931-1956 онд Төв аймгийн, 1956-1991 онд Дорноговь аймгийн харьяалалд байсан. 1991онд Улсын Бага хурлын 46 дугаар тогтоол гарч, Сүмбэр сумыг Дорноговь аймгийн харьяалалаас өөрчилж, Чойр хот байгуулагдахад Чойр хотын Сүмбэр хороо болгожээ. 1994 онд Улсын Их хурлын 32 тогтоолоор Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгон өөрчлөхөд Сүмбэр сум болон зохион байгуулагдсан түүхтэй.
Өнөөдрийн Сүмбэр сум мянган га говь, тал, хээр хосолсон 376,8 газар нутагтай, 2015 оны жилийн эцсийн байдлаар 3563 өрх, 11901 хүн ам, 297393 толгой мал тоолуулсан, Засаг захиргааны нэгжийн хувьд 6 багтай, \Сумын төвд 3, хөдөөд 3 баг байршдаг\ Монгол улсын томоохон сумдын нэг болсон.
Боржигин түмний уламжлалт ёс заншлыг өвлөн дээдэлж, говь хээрийн өвөрмөц хослол бүхий экологийн тэнцвэрийг хадгалан, үр ашигтай шударга бизнес, хүний хөгжлийг бүх талаар хангасан, орон нутгийн нөөц, дэд бүтцийн давуу хөгжилд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрчимжсэн мал аж ахуй бүхий эдийн засгийн чадавхитай сум болохоор алсын хараагаа тодорхойлоод байна.
Сүмбэр сумын ЗДТГазар нь бүх шатанд хуулиа дээдлэн, ардчилсан, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангаж, зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжлийн бодлого стратегийг тодорхойлон хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хөнгөн шуурхай, ил тод хүргэх зорилттой ажиллаж байна.