Малчдад тулгардаг газрын маргаан

Газар, газрын эрхийн талаар сонирхогч талуудын хувийн болон нийтийн ашиг сонирхлын зөрчилдөөн бүхий нөхцөл байдал. Газрын маргаан нь хилийн зааг тодорхойгүй байх, газрыг давхардуулан олгосон, ашиглалтын зориулалт нь харилцан зөрчилдсөн зэрэг маш олон хүчин зүйлийн улмаас үүсч болдог. Бэлчээр, тариалангийн талбай ашиглахтай холбоотойгоор малчин тариаланчдын хооронд, бэлчээр, түүний уст цэгийг ашиглах талаар малчид буюу малчдын бүлгүүдийн хооронд, өвөлжөө хаваржааны бууц хороо, бэлчээр, уурхайн эдэлбэр газрыг ашиглах талаар уурхай болон малчдын хооронд, мөн хот суурингийн хувьд газар шинэчлэн зохион байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, газар чөлөөлөхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээд болон төрийн эрх бүхий байгууллагын хооронд маргаан гарч болно.

Жишээлбэл: Малчин таны өвөлжөө, хаваржааны  зориулалтаар эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон, эсхүл өөр иргэнд давхцуулан эзэмшүүлсэн захирамжийг сумын Засаг дарга гаргасан гэж үзье.

Энэ тохиолдолд Сумын Засаг даргын гаргасан захирамжийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар дээд албан тушаалтан болох аймгийн Засаг даргад гомдол гаргах эрхтэй.

  • Та төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй .

Таны газар эзэмших эрхийг сумын Засаг даргазахирамж гаргаж баталгаажуулан, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх нь таны эрх шүүхээр хамгаалагдах нөхцөл болно.