Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 09 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

 Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 09 дүгээр сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 9 сарын 12-ны өдөр 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг Политехник коллежийн зааланд зохион байгуулан 120 иргэн хамрагдлаа. Хурлаар нүүрсний уурхайн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулан  иргэдээс санал авч ажиллалаа.

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3 дугаар багийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулан 110 иргэн хамрагдан Сүмбэр сумын 3 дугаар багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тойргийнхоо иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож 2016 оноос 2018 оны хагас жил хүртэл аймгийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийгдэх ажлуудын талаар танилцуулан иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа.

2018 оны 9 дүгээр сарын 24-нд 2 дугаар багийн өдөрлөгийг Боржигин чуулгын өмнөх талбайд зохион байгуулан Засаг даргын орлогч Н.Хишигдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр нар иргэдтэй уулзалт хийн сум орон нутгаас хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн мэдээлэл хүргэн тэдний санал бодлыг сонсож ажиллалаа. Өдөрлөгт Өрхийн эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллежоос иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн дунд АХА асуулт, хариултын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн ЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан.

2018-2019 оны хичээлийн шинэ жилд зориулсан “Хурдан даага”-ны уралдааныг 9 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн МАН-ын хороотой хамтран зохион байгууллаа. Уралдаанд хөдөөгийн 3 баг, Дундговь аймгийн зарим сумдын 20 гаруй даага уралдаж Сүмбэр сумын 5 дугаар багийн уяач А.Энхбаярын шарга даага түрүүлсэн. Мөн уралдааны үеэр унаач хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан.

2018 оны 09 сарын 05-наас 08-ний өдрүүдэд хөдөөгийн багийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хөдөөгүүр ажиллан Сумын Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хагуулах тухай” албан даалгаварыг малчдад тараан, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон бусад мэдээ мэдээлийг хүргэн малчдын санал бодлыг сонсож ажиллалаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам 4-р багийн малчид, айл өрхөөр орж цаг үеийн мэдээлэл хүргэн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж ажиллалаа. Хөдөөгийн 4,5,6-р багийн хэмжээнд нийт 243 өрхөд  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгаварыг танилцуулан, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 272 иргэнд үзлэг оношилгоо хийж ажилласан.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн гар урлал, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор 9-р сарын14, 15-ны өдрүүдэд “Шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг  ХХААГ, Дэлхийн Зөн ОУБ, “Инвест ко-оп” монгол тал хээрийн болон говийн бүс төсөлтэй хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 60 иргэн, 15 ААНБ  өөрсдийн үйлдвэрлэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 34,9 сая төгрөгийн борлуулалт  хийгдсэн байна. Үзэсгэлэн худалдаанд махан бүтээгдэхүүн ,хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, сүү цагаан идээ үйлдвэрлэгч, гар урлал, оёмол нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр оролцсон ба  ноосон сүлжмэл бүтээгдэхүүнээр 4-р багийн иргэн Отгонгэрэл, сүү, цагаан идээний шилдэг  бүтээгдэхүүнээр 5-р багийн Ш.Эрдэнэсувд,  хүнсний ногоо нөөшилсөн бүтээгдэхүүний төрлөөр 1-р багийн иргэн Даваажаргал,  хамгийн их ургац авсан  аж ахуй нэгжээр Сүмбэр айраг хоршоо, Бүрэн урлан ХХК-ын үйлдвэрлэсэн  “Хонь, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн” брэнд бүтээгдэхүүнээр  тус тус шалгарсан байна.

Дайчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл дайчилгааны бэлтгэл байдлыг хангуулах сургалтанд сумын хэмжээнд төрийн болон хувийн хэвшил, ажилгүй иргэдээс 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 10, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 10 нийт 20 иргэнийг сургалтанд хамрууллаа.

Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд:

2018 оны 08 сарын 31-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 221.8 сая төгрөг гүйцэтгэл 306.1 сая төгрөг буюу 138,0 хувьтай байна.

Орон нутгийн болон тусгай зориулалтын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 3811.9 сая төгрөг, гүйцэтгэл 3245.9 сая төгрөг, үүнээс цалин хөлсөнд 1883.7 сая төгрөг, НДШ-д 222.7 сая төгрөг, Орон нутгийн хөгжил сангийн зардалд 204.8 сая төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж 69,7 сая төгрөг, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд 2,6 сая төгрөг, бараа үйлчилгээний зардалд 839,0 сая төгрөг тус тус зарцуулсан бөгөөд 8-р сарын цалин хөлс хугацаандаа олгогдсон.

8-р сарын 31-ны байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 29327.4 мянган төгрөг, өглөг нь 55411.0 мянган төгрөг болсон байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, сумын “Соёл, урлаг, спорт нийгмийн салбаруудад чиглэсэн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд малчин залуучуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хөдөөгийн баясгалан” урлаг, спортын өдөрлөгийг аймгийн Биеийн тамир спортын газар, Боржигин чуулга, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТөв, ХХҮГазартай хамтран зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллалаа. Өдөрлөгт хөдөөгийн багийн 145 малчин залуучууд хамрагдаж холимог волейбол, хүч тамирын дасгал, цагираг эргүүлэх, бие бялдрын сорилын тэмцээн, АХА, хөгжөөнт буухиа, олс таталт гэсэн төрлүүдээр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Арга хэмжээний үеэр сумын Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” 01 тоот албан даалгаварыг малчдад хүргэж ажилласан. Мөн 2017 онд Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан иргэдийн нөхөн төлбөрийн батламжийг гардуулан, МИД-ын талаар мэдээлэл сурталчилгаа хийлээ.

2018 оны 08 сарын 29-ний өдөр аймгийн ХХҮГазартай хамтран “Төгсөлтийн аргачлалын”-ын ажлын хүрээнд хийгдэж буй төсөл үйл ажиллагааны явцыг эргэн дүгнэх, мэдээлэл, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

2018 оны 09 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах уузалтанд 12 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.

Аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын байгуулсан 2018 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Өрх бүрт угийн бичгийг хөтлүүлж хэвшүүлэх” арга хэмжээний хүрээнд аймгийн Боржигин өв музей, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Угийн бичгийн арга зүйн зөвлөгөө өгөх” сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Онцгой байдлын газрын 20 албан хаагчдад зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “School police” эцэг эхийн эргүүлийн хуваарийг гарган ажиллаж байна.

Сурагчдын спортын ур чадварыг нээн хөгжүүлж, анги хамт олноороо спортоор хөгжих сэдлийг төрүүлэх, өөрөөрөө бахархах, бусадтай хамтран ажиллаж, суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 1,2-р сургуулиуд “Алтан намар” спартикадыг 5 насны ангилалд 13 төрлөөр 9 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Хамтарсан баг”-ийн ажлын хүрээнд 3-р багийн 2 иргэнд нөхцөл байдлын үнэлгээ хийж Улаанбаатар хотын сэтгэц судлалын үндэсний төвд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэн хэвтүүлэн эмчлүүлж байна.

ДЗОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд ажлын хэсэг мал маллах хүсэлтээ ирүүлсэн 3 өрхөөр орж амьдрал ахуйтай танилцаж ажилласан.

Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшүүлэх зорилготой “Ногоон паспорт” аянд нэгдэж ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулиудын эко клубын 56 сурагч 6 багшийн хамт Дорноговь аймгийн Хамрын хийдэд зохион байгуулагдсан аялалд хамрагдлаа.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 дүгээр цэцэрлэгийн харъяа Аяганы хонхор дахь гэр цэцэрлэгийн гадна хашаа, тоглоомын талбай, сүүдрэвч, тохижилтын ажлыг ДЗОУБ-аас 15000 долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж дуусч хүлээн аваад байна.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

9 сарын 13,14-ны өдрүүдэд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймаг сумдын салбар зөвлөлүүд хамтран аж ахуй нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтануудын дунд “Хөдөлмөр нийгмийн хамгаалал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт төрийн болон төрийн бус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан 36 ажилтныг хамруулан чадамжийн гэрчилгээ олголоо.

“Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд В,С вирусын илрүүлэг шинжилгээнд 9-р сарын 15-ны байдлаар 2583 хүн хамрагдаж 50 хувьтай явагдаж байгаа ба үүнээс  В  вирус илэрсэн-168, С  вирус илэрсэн 69 иргэнийг  вирус тоолуулах үнэ төлбөргүй шинжилгээнд илгээгээд байна.

2018 оны 09 сарын 07-ны өдөр газрын тосны үйл ажиллагаа эрхлэгч “108 ойл” ХХК-ны 12 ажилтан, албан хаагчдад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн шаардлага стандартын хэрэгжилт, даралтат сав хоолойн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сумын засаг даргын “Худалдаа үйлчилгээ явуулах цэг тогтоох тухай” А/171 тоот захирамжийн хүрээнд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан тогтоосон цэгт худалдаа явуулах тухай  зөвлөмжийг өгч ажилласан.

Тамхины тусгай зөвшөөрөл шинээр авахаар хүсэлтээ  1 иргэний өргөдлийн дагуу нөхцөл байдлын судалгааг  хийн, зөвлөмж өгч хууль журмын хүрээнд  засаг даргын А/191 тоот  захирамжаар 1-р багийн Аяган хонхорын хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлийг олгов.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Малын гоц халдварт бруцелёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад  тугал-857, хурга-32151, ишиг-22191 Бүгд-55199 толгой төл малыг хамруулаад байна.

Мөн бог малын  мялзангаас  сэргийлэх тарилгын явцын хяналтыг 2 удаа хийж 7 өрхөөр орсон ба  тарилгын гүйцэтгэлээр 319 өрхийн хонь-138769 , ямаа-120882 , Бүгд-259651 буюу  71,7 % хувьтай  хамрагдсан байна.

“Аймгийн Засаг даргатай байгуулсан 2018 онд хамтран ажиллах гэрээ” болон Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан жил бүр цөөн малтай өрх иргэнийг  малжуулах хөтөлбөрийн хүрээнд сумын хэмжээнд 10 малчин өрхийг малжуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  Сүмбэр сумын   6 дугаар багаас  4 өрх, 5 дугаар багаас 3 өрх, 4 дүгээр багаас 3 малчин өрхийг хамруулав.

Хадлангын мэдээ :  Сүмбэр сумын хэмжээнд 6 хадлангын салаа гарсан ба одоогоор 11000 мянган  боодол өвс бэлтгэснээс өөрийн орон нутагт  4000 боодол өвс борлуулаад байна.

Сумын хэмжээнд хээлтүүлэгч малын дутууг нөхөх  ажлын хүрээнд  Инвест-Ко оп төслийн санхүүжилтээр Үзэмчин үүлдрийн  20 хурган хуцыг мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмд байлган  бүртгэлжүүлэх ажлыг хийгээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:

Сумын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилт 73,5 хувьтай байна. Үүнд:

  • Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил-79,0
  • Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил-72,2
  • Бусад ажил-69,4

Намрын улирлын вакцин тарилга хугацаандаа хийгдэж одоогийн байдлаар бруцелёзын эсрэг вакцин хийгдэж дууссан. Шүлхийн эсрэг вакцин 95 хувьтай хийгдээд байна.

Одоогоор өөр аймаг, сумын нутагт өвөлжих малчдын санал ирээгүй байгаа ба сумын нутаг дэвсгэрт өөр аймаг сумын малчид байхгүй байна.

Аймгийн Ус цаг уурын, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын мэдээг 7 хоног бүр авч шаардлагатай тохиолдолд малчдад мессежээр хүргэж байна.

Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авах ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 36,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй гэрээ байгуулан 1, 2, 5 дугаар сургуулиудад нийт 9 багш ширээ, 180 сурагчийн ширээ, сандалыг хүлээлгэн өглөө.

 

Нийтийн эзэмшлийн орон сууцнууд /Радио релейны байр, ХБ-10, ХБ-11 дугаар байр/-ны дээвэр засвар, гадна фасадны ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 115,5 сая төгрөгөөр засварлаж ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна.

 

 

 

 

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн…………………. Б.Батчимэг