Сумын түүхийн товчоо

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хуучин Сэцэнхан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошууны төв  бөгөөд Боржигины уг гарал нь  Монгол төрийг нэгтгэн захирч байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хун тайжийн удмын Далай хун тайжийн  том хүү Цэвдан 1691 оны цагаагчин хонин жил  Сэцэн хан аймгийн Боржигин хошууг байгуулж, “Засаг бээл” хэргэм эдлэх болсон гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн байдаг.

Тус хошуунд Боржигин ноёдын засаглал үе залган тогтож байсан ба энэ хошууны сүүлчийн ноён Нэрэн хунтайжийн хүү Гомбосүрэн 1911 онд богд хаанаас “Цэцэн” цол шагнуулсан учир уул хошууны нэрэнд “Цэцэн” гэсэн тодотгол үг орсон түүхтэй.

Тус хошуу нь  7 сум, нэг хондогод хуваагдан, нийт 44 отогтой байжээ.

Ардын хувьсгалын дараа 1923  онд уул хошууг Хан Хэнтий уулын аймгийн Оцол Сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ.

БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 02 дугаар сарын 07- ны өдрийн  05 дугаар хуралдааны тогтоолоор хошуудыг татан буулгаж, Засаг захиргааны нэгжийг өөрчлөн 13 аймаг байгуулж өргөжүүлэхэд Оцол Сансар уулын хошууг Төв, Дорноговь аймгийн харьяанд хуваасан байна. Ийнхүү 1931 онд Сансар, Баянбулаг, Их хонгор, Баян-Эрхтий сумуудыг нэгтгэж, аймгийн төлөөлөгч Бураагийн Сосор гэдэг хүн ирж хуралдуулан, Төв аймгийн Говьсүмбэр        \Одоогийн Сүмбэр \   сумыг байгуулсан байна.

Төв аймгийн Говьсүмбэр сум анх байгуулагдахдаа 1 байшин, 2 гэртэй, 8 багтай,  баг дотроо 6-8 арвантайгаар  зохион байгуулагджээ. Тухайн үедээ тус сум 5577,8 мянган га талбай бүхий газар нутагтай, 70000 орчим толгой малтай байсан байна.

Сумын анхны даргаар Хоржийн Шагдар , орлогч даргаар Пэрэнлэйн Мэндбаяр, нарийн бичгийн даргаар Навааны Дэндэв нарыг томилон ажиллуулжээ.

Сумын төв нь байгаль цаг уурын болон, бусад шалтгааны улмаас Шарбүрд,  Бооны гол зэрэг газруудад хэд хэдэн удаа нүүж байсан байна.

Тус сум нь 1931- 1956 онд Төв аймгийн, 1956- 1991 онд Дорноговь аймгийн харьяалалд байсан байна.

1991онд Улсын Бага хурлын  46 дугаар тогтоол гарч, Сүмбэр сумыг Дорноговь аймгийн харьяалалаас өөрчилж, Чойр хот байгуулагдахад Чойр хотын Сүмбэр хороо болон өөрчлөгджээ. 1994 онд Улсын Их хурлын 32 тогтоолоор Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгон өөрчлөхөд Сүмбэр сум болон зохион байгуулагджээ.

Өнөөдрийн Сүмбэр сум 376,8 мянган га говь , тал, хээр хосолсон  газар нутагтай, 2015 оны жилийн эцсийн байдлаар 3563 өрх, 11901   хүн ам,  297393 толгой мал тоолуулсан, Засаг захиргааны нэгжийн хувьд 6 багтай, \ Сумын төвд 3, хөдөөд 3  баг байршдаг \ Монгол улсын томоохон сумдын нэг болоод байна.

Боржигин түмний  уламжлалт ёс заншлыг өвлөн дээдэлж, говь хээрийн өвөрмөц хослол бүхий экологийн тэнцвэрийг хадгалан, үр ашигтай шударга бизнес, хүний хөгжлийг бүх талаар хангасан, орон нутгийн нөөц, дэд бүтцийн давуу хөгжилд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрчимжсэн мал  аж ахуй бүхий эдийн засгийн чадавхитай сум болохоор алсын хараагаа тодорхойлоод байна.

Сүмбэр сумын ЗДТГ нь бүх шатанд хуулиа дээдлэн, ардчилсан, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангаж, зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжлийн бодлого стратегийг тодорхойлон хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хөнгөн шуурхай, ил тод хүргэх зорилттой ажиллаж байна.

СҮМБЭР СУМЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД

Боржигины уг гарал нь  Монгол төрийг нэгтгэн захирч байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хун тайжийн удмын Далай хун тайжийн  том хүү Цэвдан 1691 оны цагаагчин хонин жил  Сэцэн хан аймгийн Боржигин хошууг байгуулж, “Засаг бээл” хэргэм эдлэх болсон гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн байдаг.

Тус хошуунд Боржигин ноёдын засаглал үе залган тогтож байсан ба энэ хошууны сүүлчийн ноён Нэрэн хунтайжийн хүү Гомбосүрэн 1911 онд богд хаанаас “Цэцэн” цол шагнуулсан учир уул хошууны нэрэнд “Цэцэн” гэсэн тодотгол үг орсон түүхтэй.

1931 онд байгуулагдсан Төв аймгийн Говьсүмбэр сумын анхны даргаар Хоржийн Шагдар , орлогч даргаар Пэрэнлэйн Мэндбаяр, нарийн бичгийн даргаар Навааны Дэндэв нар ажиллаж байжээ.

  1. 1931-1932 он Хоржийн Шагдар
  2. 1932-1933 он “Солгой” хэмээх Банзрагч
  3. 1933-1936 он Сахъяагийн Дүгэржав /Багш/
  4. 1936-1939 он Нэрэнмөрийн Дагва
  5. 1939-1942 он Батнягт
  6. 1942-1945 он Нэрэнжавын Гунгаа /Хүний эмч/
  7. 1945-1946 он Баяртын Гончигдампил / Хилчин/
  8. 1946-1955 он\
  9. 1959-1963 он Тамзавын Гэлэгсамдан
  10. 1955-1958 он Дэндэвийн Гэлэгяринпэл
  11. 1958-1959 он Бүрэнгийн Дашравдан \Малын их эмч Д.Ундрагийн аав\
  12. 1963-1964 он Дарамын Даваасамбуу /Хөдөлмөрийн баатар/
  13. 1964-1965 он “ Бууран” хэмээх Зундуй
  14. 1966-1967 он Сэрээгийн Баасандорж
  15. 1967-1969 он Цогбуянгийн Маань
  16. 1969-1971 он Чойжоогийн Тогтуун /Малын их эмч/
  17. 1971-1975 он Цэдэвийн Тэрбиш /Гавьяат мал зүйч/
  18. 1975-1978 он Уртнасангийн Бариачир /Мал зүйч/
  19. 1978-1981 он Сэрээтэрийн Аюуш /Дэд эрдэмтэн, мал зүйч/
  20. 1981-1989 он Санзайн Очирсүрэн /Багш/
  21. 1989-1991 он Ишцэрэнгийн Цэрэнхүү /Эдийн засагч/
  22. 1991 оны 1-р сараас 8-р сар хүртэл Дондовын Амарсайхан /Мал зүйч/
  23. 1991 оны 8-р сараас 1992 оны 4-р сар хүртэл Гэлэгсамдангийн Бумцэрэн /Механикч, менежер/
  24. 1992 оны 4-р сараас 1994 оны 8-р сар хүртэл Төмөрийн Болдбаатар /Багш/
  25. 1994 оны 8-р сараас 1997 оны 4-р сар хүртэл Нацагийн Дөш /Цэргийн дээд мэргэжилтэй/
  26. 1997 оны 4-р сараас 2004 оны 10-р сар хүртэл Буджавын Заяат /Багш/
  27. 2004 оны 10-р сараас 2008 оны 10-р сар хүртэл Доржнямбуугийн Содном /Барилгын инженер/
  28. 2008 оны 3-р сараас 2009 оны 8-р сар хүртэлТэрбишийн Мөнхбаяр /Малын их эмч/
  29. 2009 оны 8-р сараас 2009 оны 11-р сар хүртэл Чулуунбатын Хишигт \Хуульч\
  30. 2009 оны 11-р сараас 2010 оны 1 сар хүртэл Бат-Өлзийн Батжаргал \Холбооны инженер\
  31. 2010 оны 1-р сараас 2010 оны 4-р сар хүртэл Намжилын Хишигдорж \Төрийн удирдлагын арга зүйч\
  32. 2010 оны 4 дүгээр сараас 2013 оны 3-р сар хүртэл Чулуунбатын Хишигт \Хуульч\
  33. 2013 оны 3-р сараас 2016 оны 8 сар хүртэл Загдзэсэмийн Баярсайхан \ Багш\
  34. 2016 оны 8-р сараас одоог хүртэл Пүрэвсайханы Амарсайхан \ Төрийн захиргааны менежер\